Саарал жагсаалтад орсноор  гадаад хөрөнгө оруулалт багасах эрсдэлтэй

Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага болох Фатф-ын хяналтын шат буюу саарал жагсаалтад манай улс орсон нь  эдийн засагт сөрөг  нөлөө  үзүүлэхгүй хэмээн  Сангийн сайд мэдээлж байсан. Гэвч тус жагсаалтад орсны маргаашаас эхлэн валютын ханш өссөн байдаг. Энэ мэтчилэн сөрөг үзэгдлүүд эдийн засагт эрсдэл үүсгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Өнгөрөгч сарын 18-ны өдөр Парис хотноо  болсон мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын хуралдаанаар манай улсыг саарал жагсаалтад бүртгэсэн гэдгээ зарласан нь манай улсын макро эдийн засагт багагүй сөрөг үр дүн авчирна гэдгийг мэргэжилтнүүд урьдчилан тодорхойлж байсан. Гэвч сангийн сайдын зүгээс эдийн засгийн ямар нэг хоригт орохгүй учир сөрөг үзэгдэл гарахгүй хэмээн өөрийн биеэр хэлж байсан юм.

Харамсалтай нь саарал жагсаалтад бүртгэгдсэн өдрөөс эхлэн валютын ханш савлаж зарим банкнууд валютын хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнийг Монголбанкнаас тайлбарлахдаа улс төрийнхний хийж байгаа болгоомжгүй мэдэгдлээс шалтгаалан сэтгэл хөдлөл дээр үүссэн хөөс хэмээн тайлбарлаж байв.  Тухайлбал 10-р сарын 7-нд Монгол банкны ханшаар доллар 2667 төгрөг байсан бол найман шарга төвд 2670 төгрөг, харин 11-р сарын нэгний байдлаар Монгол банкны ханшаар доллар 2701 байсан бол найман шарга төвд 2965 төгрөг буюу 25-34 төгрөгөөр өссөн байна.

Хэрэв валютын ханш тогтворгүй болж удаан үргэлжилбэл

-гадаад валютын урсгал саатах

-банк санхүүгийн байгууллагат хүндрэл үүсэх

-аж ахуйн нэгж, дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлнө

Ажилгүйдэл ихсэх зэрэг сөрөг үзэгдэл үүсэж эдийн засаг агших магадлалтай гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүний нэг болох валютын ханш хэдийнээ өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2017 онд болсон Фатф-ын үнэлгээний дараа манай улстай шууд америк долларын гүйлгээ хийдэг АНУ-д төвтэй банкнууд харилцаагаа тасалж улмаар манай улс австрали дахь банкаар дамжуулан их хэмжээний америк долларын гүйлгээг хийхээс өөр аргагүй болсон. Мөн саарал жагсаалтын дараагийн арга хэмжээ авах төлөвлөгөөг Монгол банкнаас гаргасан байгаа. Харин бусад байгууллага Сангийн яам, ХЗДХЯ, ЦЕГ зэрэг байгууллагуудын төлөвлөгөө танилцуулагдаагүй байгаа төдийгүй сангийн сайд энэ чухал үед УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанд ч суугаагүй.