Манай улсад ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд чимээгүй өнгөрдөг

Өнгөрсөн сарын 31-нд үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Кореан эйр компанийн онгоцоор зорчих үедээ онгоцны үйлчлэгчийн биед халдсан гэх шалтгаанаар Бүгд Найрамдах Солонгос улсын цагдаагаас түүнийг саатуулсан. Улмаар Монгол улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа, мөн төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасны үндсэн дээр сулласан байдаг.

Тодруулбал түүнийг олон улсын Венын хэлэлцээрийн дагуу түр сулласан бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан манай улсын Улсын их хурлын дарга болон Гадаад хэргийн сайд, үндсэн хуулийн цэцээс холбогдох тайлбарыг өгч мэдэгдэл гаргасан. Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдсэн тохиолдолд оногдуулах хариуцлага шийтгэлийг тодорхой болгоогүй нь манай улсад энэ төрлийн дарамтад орсон эмэгтэйчүүд хохирч үлддэг болохыг мэдэгдэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаагаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас мэдэгдсэн юм.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрч ёс бус үйлдэл буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр баривчлагдсан тухай БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байгаа. Хамгийн сүүлд хохирогч гэх бүсгүйчүүд мэдүүлэг өгөхдөө ямар нэг хүнтэй андуураагүй гэдгээ хэлж, хатуу хариуцлага тооцож өгөхийг Улсынхаа хуулийн байгууллагаас хүссэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Мөн цэцийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамтаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн гэх хэргээр холбогдуулан шалгахаар болсныг Инчеоны цагдаагийн газрын эх сурвалжаас мэдээлжээ.Тэгвэл манай улсаас тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл монгол улстай холбоотой тус үйл явдал хүндхэн тусаж байгааг илэрхийлсэн юм. Өнгөрсөн сарын 31-нд үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй цэцийн таван гишүүн Индонез улсад болох үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хуралд оролцохоор Кореан эйр-ийн онгоцоор зорчиж явахад тус үйл явдал болж бүгд найрамдах солонгос улсын Инчеоны олон улсын нисэх буудлаас үндсэн хуулийн цэцийн дарга Одбаярыг саатуулсан байна. Үндсэн хуулийн цэцээс гаргасан мэдэгдэлд тус нислэгийн үеэр үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон гэж тайлбарласан байдаг.