Чили улсад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан жагсаал цуглаан үргэлжилж байна

Өмнөд америкийн Чили улсад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн өдгөө гурав дахь долоо хоногтоо дараалан үймээн самуун дэгдээж, одоогийн байдлаар 2000 орчим хүн гэмтэж бэртээд байна.  Энэ сарын эхэнд Чили улсын засгийн газар метроны тасалбарын үнийг нэмэх шийдвэр гаргасан нь олныг хамарсан үймээн самуун гарах эхлэлийг тавьж, улмаар нийгэм дэх тэгш бус байдал болон амьжиргааны өртгийг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсээр байгаа юм.  Жагсагчдын зүгээс засгийн газрыг үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бол засгийн газраас хэд хэдэн газруудад онц байдал зарлаж, хэв журам тогтоохоор ажиллаж байна. Улс орондоо нүүрлээд байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулаад ерөнхийлөгч Себастиан Пинера эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс өнгөрөгч долоо хоногт засгийн газрын танхимдаа халаа сэлгээ хийж, найман сайдыг огцруулах арга хэмжээ авсан ч өөрөө албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Жагсаал цуглаан газар авсан цагаас эхлээд түүний ард иргэдийн дундах рейтинг нь 13 хувь болтлоо буурч, иргэдийн зүгээс түүнийг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаад байгаа юм.  Өмнөд Америкийн хамгийн чинээлэг орнуудын тоонд ордог Чили улсад нийгмийн тэгш бус байдал газар авснаас үүдэн эмх замбараагүй байдал ийнхүү газар аваад байгаатай холбогдуулаад тус улсын засгийн газар энэ сард болоод ирэх 12-р сард зохион байгуулахаар товлоод байсан хоёр ч томоохон олон улсын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаснаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн байна.