Франц болон БНХАУ 15 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 4-нөөс 6-ны хооронд БНХАУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийлээ. Франц улсын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноосоо хойш  БНХАУ-д хийж байгаа хоёр дахь айлчлалынхаа үеэр тэрбээр тус улсын дарга Си Зиньпинтэй уулзалт хийж, агаарын тээвэр, эрчим хүч, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 15 тэрбум америк долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар чөлөөт худалдааг дэмжих асуудал дээр нэгдсэн байр суурь баримталж байгаагаа мэдэгдээд худалдааны тал дээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.

Европын холбоо нь БНХАУ-ын хамгийн том худалдааны түнш бол Хятад улсын тухайд Европын холбооны хоёрдогч том экспортлогч оронд тооцогддог.Лхагва гарагт болсон уулзалтын үеэр хоёр орны удирдагчид худалдааны асуудлаас гадна дэлхий дахинд хамгийн их тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхээ мэдэгдсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Парисын хэлэлцээрээс гарах үйл явц эхэлсэн хугацаатай давхцаж байгааг ажиглагчид онцолж байгаа юм.

Түүнчлэн энэ удаагийн айлчлалаараа дамжуулан Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятад улсын эрх баригчдын эмзэг сэдэв болж хувираад байгаа Хонконг дахь хүний эрхийн асуудлыг хөндөж, үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах тал дээр шийдтэй алхам хийхийг Хятад улсын дарга Си Зиньпинд уриалжээ.