АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг огцруулах асуудлаар анхны олон нийтийн сонсгол явуулахаар болжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн өрсөлдөгч Жо Байдены нэр хүндийг унагаах зорилгоор Украйн улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт нэр холбогдож, мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байна. Улмаар энэхүү хэрэгтэй холбогдуулаад ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлаар эхний олон нийтийн сонсголыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар болсноо ардчилсан намынхан лхагва гарагт мэдэгджээ.Тус сонсголд 2006-2009 оны хооронд Украин улсад АНУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан Билл Тэйлор тэргүүтэй төрийн департаментын гурван алба хаагч оролцохоор болсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрөгч 9-р сард Цагаан ордны төлөөлөгчид ерөнхийлөгч Доналд Трампын Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй өнгөрөгч 7-р сард хийсэн харилцан ярианы тэмдэглэлийг ил болгосон юм. Тус тэмдэглэлд ерөнхийлөгч Доналд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Жо Байден болон түүний хүү Хантер Байдентай холбогдох хэрэг дээр мөрдөн шалгалтын ажил явуулахыг Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс хүссэн нь батлагджээ.

АНУ-ын Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч хэрвээ авлига авсан, эх орноосоо урвасан үйлдэл гаргасан нь тогтоогдвол хугацаанаас нь өмнө огцруулах буюу импичмент үйлдэх боломжтой байдаг. Тэр ч үүднээсээ сөрөг хүчнийхний зүгээс ерөнхийлөгч Доналд Трампыг өрсөлдөгчийнхөө нэр хүндэд зориудаар халдахын тулд гадаадын улс орноос тусламж хүсч, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан хэмээн буруутгаад байна.  Харин ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Украины ерөнхийлөгчтэй Жо Байденыг шалгах тухай асуудлаар ярилцсанаа хүлээн зөвшөөрсөн ч ямар нэг шахалт шаардлага тавиагүй, мөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хойшлуулсан нь эдгээр хэрэгтэй ямар нэг холбоогүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.