Мөнгө угаах, терроризмтой тэмцэх Үндэсний хороог Хууль зүйн сайд даргалж бүрэлдэхүүнд нь Сангийн сайд багтдаг

Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас манай улсыг саарал жагсаалтад оруулсны дараа УИХ-ын дарга Монголбанк, санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, тэдэнд хариуцлага тооцох тухайгаа мэдэгдсэн. Улмаар УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус хоёр байгууллагын удирдлагуудыг огцруулах асуудал дэмжигдсэн юм. Тэгвэл улс төрчид болон эдийн засагчдын зүгээс хариуцлагыг хүлээх субьектүүдэд сангийн яам, хууль зүйн яамны удирдлагууд ч  бас хамаатай гэж үзэж байна.

Өнгөрөгч сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Занданшатар монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнуудын ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой тул хариуцлага хүлээх ёстой гэдгээ илэрхийлж байсан. Харин 10-р сарын 5-нд УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ  үеэр УИХ-ын зарим гишүүд мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний хорооны тэргүүн хууль зүйн сайд, тус хорооны бүрэлдэхүүнд багтдаг Сангийн сайд нар ажлаа гүйцэтгэж чадаагүй хэмээн байр суурь илэрхийлж байсан юм. Учир нь санхүүгийн зах зээлд эргэлдэх хууль бус мөнгөний хяналтыг сайжруулаагүй, мөнгө угаах терроризмын тухай хууль эрх зүйн орчныг сайжруулаагүй зэрэг шүүмжлэх асуудлууд байгааг хэлж байсан юм. Мөн 2017 онд Европын холбооны хар жагсаалтад  Монгол улсыг оруулсан нь Сангийн дэд сайдын хариуцлагагүй захидлаас болсон бөгөөд энэ асуудал ч өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.