Ч.Хүрэлбаатар: Ирэх онд цалин тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь цалин тэтгэврийн бодит нэмэгдэл болон худалдан авалтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Тэгвэл сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлж байгаа гэдгийг төсвийн төслийг танилцуулах үеэрээ онцолж байсан юм. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 159.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар 2020 оны улсын төсвийн төсөлд тусгасан байдаг. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 137.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар байгааг Сангийн сайд мэдэгдэж байсан юм.

Сангийн сайд инфляцын түвшинтэй уялдуулж цалин тэтгэврийг нэмэхээр 2020 оны төсвийн төсөлд тусгасан болохыг онцолж байгаа ч Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж төсвийн орлогыг бүрдүүлж байгааг шүүмжилж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр иргэдийн орлого буурахад нөлөөлнө. Түүний оронд бусад ашиггүй зардлыг бууруулах хэрэгтэй үйлдвэрчний эвлэл холбоо болон салбар хорооны төлөөлөл онцолж байна.