АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ хойшлогдож магадгүй байна

Ану-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-тай үүсээд байгаа худалдааны дайныг намжаах асуудалтай тулгараад байна. Хэдийгээр энэ асуудлаар хоёр орны удирдагчид энэ сард хэлэлцээрийн ширээний ард сууж, завсрын гэрээ байгуулах хувиартай байсан ч ирэх сар хүртэл хойшлогдож магадгүй болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Худалдааны дайны асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын хооронд явагдахаар товлогдсон уулзалт хэлэлцээ ирэх 12-р сар хүртэл хойшилж магадгүй болсон тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хэдийгээр хоёр орны удирдагчид энэ сард Апекийн дээд хэмжээний чуулганаар хоёр талт уулзалт хийх хувиартай байсан боловч Чили улсад нүүрлэсэн үймээн самууны улмаас тус улсын засгийн газар Апекийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжгүй болсон юм.

Үүнтэй холбогдуулаад хоёр орны албаны төлөөлөгчид худалдааны дайны асуудлаарх яриа хэлэлцээрийг зохион байгуулах газар болон цаг өдрийг товлох асуудлаар байнгын холбоотой байгаа тухай мэдээлжээ.

Хэрэв энэ удаагийн уулзалтаар талууд худалдааны дайныг намжаах завсрын хэлэлцээрт гарын үсэг зурвал АНУ-аас БНХАУ-ын эсрэг оногдуулсан 156 тэрбум америк долларын импортын татварыг цуцлах өндөр магадлалтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ сарын эхэнд БНХАУ-ын тал АНУ-аас 50 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн импортлохоо мэдэгдсэний хариуд АНУ хятад улсын эсрэг оноохоор төлөвлөж байсан нэмэлт татвараа хойшлуулж, түр хугацаагаар гал зогсоох шийдвэр гаргаад байгаа юм.

Одоогоор талуудын зүгээс ирэх 12-р сарын 3-4-ны хооронд Английн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдах натогийн чуулганы үеэр хоёр талт уулзалт хийх асуудлыг судалж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.