БНХАУ хүүхдүүдийн видео тоглоом тоглох хугацааг хязгаарлах журам гаргалаа

Өнгөрөгч онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас видео тоглоомонд донтолтыг анх удаа өвчний ангилалд хамруулан үзэх болсноо албан ёсоор мэдэгдэж байсан юм. Тэгвэл хүүхдүүдийн видео тоглоомонд донтох явдлаас сэргийлэх үүднээс БНХАУ-ын засгийн газар өнгөрөгч мягмар гарагт 18-с доош насны хүүхдүүдийн видео тоглоом тоглох хугацаанд хязгаарлалт тавих журам гаргасан нь өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

БНХАУ-ын засгийн газар хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад видео тоглоомонд донтох эрсдэлээс сэргийлэх үүднээс 18 болон түүнээс доош насны хүүхдүүдийн видео тоглоом тоглох хугацаанд  хязгаарлалт тогтоох шинэ журам хэрэгжүүлж эхэллээ.

Уг журмын хүрээнд хүүхдүүд 22 цагаас өглөөний 8 цаг хүртэл цахим орчинд видео тоглоом тоглох нь хориотой болж байгаа төдийгүй тоглох хугацааг ажлын өдрүүдэд 90 минут, амралтын өдрүүдэд 3 цаг байхаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн 8-16 насны хүүхдүүдийн видео тоглоомонд зарцуулдаг мөнгөний хэмжээг нэг сард 200 юань-аас илүүгүй байхаар тогтоосон бол 16-18 насныхныг сард 400 юань зарцуулахыг зөвшөөрсөн байна.

Хятадын эрх баригчид аль эртнээс видео тоглоомыг хүүхэд залуусын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэн бодох чадвар, харааны хөгжилд сөргөөр нөлөөлж байна хэмээн шүүмжилж энэ тал дээрх бодлогоо чангатгах асуудлыг нэг бус удаа дэвшүүлж байсан юм.

Тэр ч үүднээсээ сүүлийн жилүүдэд энэ салбар дахь хууль журмыг чангатгах болсноор өнгөрөгч онд видео тоглоомын зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа АНУ-д алджээ.

Тэгвэл шинээр хэрэгжиж эхэлсэн журмын хүрээнд хятад улсын бүх цахим платформууд хэрэглэгчдийн нас зэрэг хувийн мэдээллүүдийг холбогдох байгууллагаас авч, видео тоглоом хэрэглэгчдийн дунд нэгдсэн сан үүсгэх журмаар хяналт явуулах юм байна.

Өнгөрөгч онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас видео тоглоомонд донтолтыг анх удаа өвчний ангилалд хамруулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.