Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэхгүй бол зөвшилцөлд хүрэхгүй

Өнгөрөгч долоо хоногоос эхлэн УИХ дахь МАН-ын бүлэг болон ардчилсан намын зөвлөлийн хамтарсан зөвшилцлийн ажлын хэсэг эрчимтэй хуралдаж эхэлсэн. Одоогийн байдлаар Ардчилсан намаас хүргэсэн гурван санал буюу МУ-ын ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийг холимог тогтолцоотой явуулах, ерөнхий сайд өөрөө кабинетээ бүрдүүлдэг байх гурван саналаас хоёр санал дэмжигджээ.

Ардчилсан намын зөвлөлөөс дээрх гурван саналд нэгдэж байж үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцохоо мэдэгдсэн. Үндсэн гурван саналаас сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналд өнгөрөгч баасан гарагт зөвшилцлийн ажлын хэсэг санал нэгдсэн харин ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд гишүүдийн  дийлэнх нь зөвшөөрсөн ч ерөнхийлөгчийн тамгын газраас эсрэг байр суурь илэрхийлсэн байна. Харин сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжих хугацааг МАН-ын бүлгээс 2024 он гэж тооцож байгаагаа илэрхийлж байгаа ч Ардчилсан намын зүгээс хэрэв энэ удаагийн сонгуульд холимог тогтолцоог оруулахгүй бол зөвшилцөлд хүрэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ долоо хоногийн эцэст зөвшилцлийн асуудлыг төрийн гурван өндөрлөгт танилцуулж улмаар ирэх долоо хоногт үндсэн хуулийг эцэслэн хэлэлцэнэ.