Манай улс хоёр жилийн эмчилгээтэй олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 9 сар эмчилдэг боллоо

Манай улс олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орнуудын нэг боллоо. Хоёр жил эмчлэгддэг байсан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг богиносгосноор эмчлүүлэгчийн нийгэм эдийн засгийн чадавх сайжрах нөхцөл бүрдэж байна.

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний үр дүн дэлхийн улс орнуудад 55 хувь, манай улсад 63 хувьтай байдаг.

-Өөрөөр хэлбэл олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн 10 хүн тутмын 5-6 нь эмчлэгддэг хүнд өвчин юм.

-Тэгвэл манай улс дээрх өвчний эмчилгээний хугацааг 9 сар болгосноор нэг өвчтөн хоёр жилийн хугацаанд 9360 эм ууж хэрэглэдэг байсныг 3360 болгосон бол 180 тариаг 96 болгож багасгасан байна.

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд олон төрлийн хүчтэй эм хэрэглэж гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддог байсан.

Тэгвэл хоёр жилийн эмчилгээ 9 сар болж багассанаар дээрх хүндрэл буурах боломжтой болж байгаа эмч судлаачид онцолж байна.

Манай улс хоёр жил эмчлэгддэг байсан олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг шинэ эм хэрэглэхгүйгээр 9 сар болгож чадсан юм. Ингэхдээ олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацааны эмчилгээний горимыг 2018 оноос хэрэглэж эхлэн энэ оны 10 дугаар сарын байдлаар нийт 85 хүн богино хугацаанд эмчлэгдсэн байна.

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр жилийн хугацаанд эмчлэхдээ эмчлүүлэгч өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд тарилгыг хэрэглэдэг байсан юм. Тэгвэл эмчилгээний хугацаа 9 сар болж буурснаар эмчлүүлэгч түүний ар гэрт үзүүлэх нийгэм, эдийн засгийн дарамтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой болж байгааг судлаач эмч нар онцолж байна.

Сүрьеэгийн олон улсын олон төвт стрим судалгааг манай улс 2014 оноос халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хийж эхэлсэн байдаг. Уг судалгаанд манай улсаас гадна сүрьеэгийн дарамт өндөр Вьетнам, Өмнөд Африк, Этиоп улс оролцож олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг шинэ эм хэрэглэхгүйгээр 9 сар болгож чадсан байна.