ОХУ-ын улаан талбайд цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдлаа

1941 оны 11-р сарын 7-ны өдөр зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын арми нацист германы армитай Москвагийн төлөөх тулалдаанд орохынхоо өмнө Москва хотын алдарт улаан талбайд цэргийн сүрт жагсаал хийж байсан түүхтэй.

Тэгвэл тус түүхэн өдрөөс хойш өдгөө 78 жил өнгөрч байгааг тохиолдуулаад өчигдөр Москва хотын улаан талбайд цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдсан байна.

Нэг цагийн турш үргэлжилсэн тус арга хэмжээг үзэж сонирхохоор Москвагийн парадад оролцож явсан ахмад дайчид тэргүүтэй 7000 гаруй хүндэт зочин уригдан ирж, нийтдээ 3000 гаруй алба хаагч оролцжээ.

1941 оны 10-р сарын эхэнд Москва хотод 30 км-ийн зайтай тулж ирээд байсан нацист германы арми 10-р сарын дунд үе гэхэд цаг агаар болон ложистикийн хувьд таагүй нөхцөл байдалд орсон нь зөвлөлтийн улаан армид москва хотын хамгаалалтыг чангатгаж, цэрэг армиа зузаатгах цагийг өгсөн юм.

Тухайн үед ЗХУ-ын удирдагч агсан Йосеф Сталин цэрэг дайчдынхаа урам зоригийг сэргээх үүднээс 11-р сарын 7-ны өдөр Октябрын баярыг тохиолдуулан цэргийн сүрт жагсаал хийх тушаал өгч, улмаар парадад оролцсон цэргүүдийг улаан талбайгаас шууд дайны фронт руу илгээж байжээ.

Москвагийн тулалдаан нь нацист германы хувьд дэлхийн 2-р дайн эхэлснээс хойших хамгийн анхны томоохон ялагдал амссан үйл явдалд тооцогддог.

Хуучин зөвлөлт холбоот улсын үед энэхүү өдрийг Октябрийн социалист хувьсгал ялсны баяр хэмээн цэргийн сүрт жагсаал хийж, бүх нийтээрээ амран өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бол 2005 оноос хойш тус баярыг тэмдэглэхээ больсон юм.