БНХАУ 6g технологийн судалгааг албан ёсоор эхлүүлжээ

Дэлхий дахинд 5g сүлжээ нэвтрэх үйл явц үргэлжилж байгаа энэ цаг үед манай урд хөрш БНХАУ утасгүй сүлжээний 6 дахь эрин буюу 6g технологийн судалгааг албан ёсоор эхлүүлснээ пүрэв гарагт мэдэгдлээ.

Хятадын шинжлэх ухаан, технологийн яамны мэдээлснээр энэ долоо хоногт тус улсын засгийн газрын яамдууд, судалгааны хүрээлэнгүүд хуралдаж 6g технологийн судалгаа, хөгжүүлэлтийн баг байгуулах асуудлаар хэлэлцжээ.

Тус улсын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани Хятад улс даяар 5g сүлжээг нэвтрүүлснээс хойш 7 хоног ч хүрээгүй хугацааны дараа ийнхүү дараачийн сүлжээний судалгаа эхэлсэн нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм.

Хятад улсын тухайд энэ оны эцэс гэхэд дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан 5жи сүлжээг нэвтрүүлж, Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг 50 гаруй хотуудаар 5жи сүлжээний 130 мянган бааз станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Хэдийгээр тус улсын зүгээс энэхүү өндөр хурдны сүлжээг 2020 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч АНУ-тай үүсээд байгаа худалдааны дайны асуудал техник технологийн салбарт ч мөн нөлөөллөө үзүүлж, тус салбар дахь өрсөлдөөнийг улам эрчимжүүлээд байгаатай холбогдуулаад төлөвлөсөн хугацаанаас эрт нэвтрүүлэх шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбогдуулаад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ч мөн технологийн салбар дахь тэргүүлэгчийн байр сууриа хамгаалах үүднээс 6жи технологийг нэвтрүүлэх ажилд анхдагч болох хүсэлтээ уламжилсан юм.