УИХ дахь МАН-ын бүлэг Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудалд тав хоногийн завсарлага авлаа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч болон санхүүгийн зохицуулах хорооны даргыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэн гишүүдийн дийлэнх нь дэмжсэн. Улмаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн зүгээс зарчмын санал гаргаснаас гадна МАН-ын бүлэг завсарлах санал гаргасан юм. Учир нь ФАТФ-ын саарал жагсаалтад орсон асуудлын үндсэн учир шалтгааныг хэлэлцэх асуудлыг ирэх Мягмар гарагт УИХ-ын эдийн засгийн байнгын хороодоор хаалттай горимоор хэлэлцэх ёстой тул ийм шийдвэрт хүрчээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, дараагийн  долоо хоногт саарал жагсаалттай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.