Өвөрхангай аймагт ЕБС-ийн дэргэд

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүдийн ажлын ачааллаас шалтгаалж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцох байдал хангалтгүй байгааг сургалтын байгууллагаас онцолж байна.  Тиймээс Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Уг нь боловсролын тухай хуульд эцэг эх, асран хамгаалагчдын эрх үүргийг тусгаж өгсөн байдаг ч бодит байдал дээр эцэг эхчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөх нөхцөл болж байна.

-Тодруулбал боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлээр эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүргийг зааж өгсөн.

 -Мөн боловсролын тухай хуулийн 46.3-т эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно гэсэн байдаг.

 -Энэ заалттай холбогдуулан "цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг 2019 оны 8 дугаар сард баталсан байдаг.

 -Уг гэрээ нь цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн сурч хөгжих эрхийг хангах чиглэлээр талууд хамтран ажиллахад чиглэгдсэн байна.

 Тэгвэл эцэг эхчүүдийн оролцоог хангах тал дээр орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиуд жишиг тогтоож чадсан сайн жишээ байна.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 640 гаруй мянган хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 270 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Тиймээс улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжилд төлөвшилд дан ганц сургалтын байгууллагаас гадна эцэг эхчүүдийн оролцоо нэн чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.  Тэгвэл эцэг эхийн хурал, зөвлөгөөн, сургалтын байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд эрэгтэйчүүд, аавуудын оролцоо сул байдаг. Гэр бүлийн ажил үүргийн хувиараас шалтгаалж аавуудын үүрэг оролцоо бага байгааг нэмэгдүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургууль аавуудын бүлэг байгуулжээ. Аавууд сургуулийн үйл ажиллагаанд оролцсоноор хүүхдүүдийн сурлагын амжилт сайжирч гэр бүл дэхь хүүхэд эцэг эхийн харилцаанд олон эерэг өөрчлөлт гарсныг тус сумын сургуулийн захирал онцолсон юм.Энэ мэт эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр сургуулийн сургалтын чанар сайжирч, сурагчдын нийгмийн оролцоо нэмэгдсэн талаар орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтан ярьсан юм.Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2019-2020 оны жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд дээрх сайн жишиг тогтсон сургуулийн жишээг бусад сургууль цэцэрлэгт сурталчлан таниулах нь чухал гэдгийг багш мэргэжилтнүүд онцолж байна.