Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес огцорлоо

Өмнөд Америкийн Боливи улсад олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байгаатай холбогдуулаад тус улсын Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өчигдөр зарлалаа. Олон улсын аудитын байгууллагаас явуулсан шалгалтаар өнгөрөгч сард тус улсад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантай явагдсан гэсэн дүгнэлт гарч, улмаар гурав дахь удаагаа улиран сонгогдсон Ерөнхийлөгч Эво Моралесыг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсан жагсаал цуглаанууд газар аваад байсан юм. Үүнтэй холбогдуулаад тэрээр ард иргэдээс ирж байгаа дарамт шахалтыг бууруулах зорилгоор сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, шинээр сонгууль явуулах санал дэвшүүлсэн ч сөрөг хүчнийхэн болоод армийн зарим өндөр албан тушаалтнуудаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

 Улмаар жагсагчдын зүгээс түүнийг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардан, ойрын холбоотнууд руу нь халдлага үйлдэж, гэр орныг нь галдан шатаасан хэргүүд гарсан байна.  Үүний хариуд Эво Моралес Ерөнхийлөгчийн суудлаасаа огцорч байгаагаа албан ёсоор зарлаад, ойр дотно хүмүүс рүү нь ирж байгаа дайралтуудыг нэн даруй зогсоохыг жагсагчдаас хүсжээ. Түүний хамтаар дэд ерөнхийлөгч Альвэро Гарсия болон Сенатын Ерөнхийлөгч Адриана Сальва-Тиэрра  нар мөн огцрох өргөдлөө өгсөн байна.  Эво Моралесын тухайд 2006 онд анх Боливи улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, тус улсын уугуул индиан гаралтай анхны төрийн тэргүүн болж байсан юм байна.