Ой хээрийн түймрийн улмаас Австралийн хоёр мужид гамшгийн онц байдал зарлалаа

Австрали улсын хоёр ч томоохон муж түймрийн гамшигт өртөж, тус улсын хамгийн том хот болох Сидней хотын ойролцоо ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгааг албаныхан сэрэмжлүүлсэн байна. Одоогоор түймрийн улмаас гурван хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн төдийгүй шинэ өмнөд Уэльс болон Күйнсланд мужуудад албаныхан гамшгийн үеийн онц байдал зарлах шийдвэр гаргаад байгаа юм.

Маргааш буюу мягмар гарагийн байдлаар цаг агаарын температур 37 хэм хүртэл халах төлөвтэй байгаагаас үүдэн түймрийн цар хүрээ улам тэлж, хор хохирлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан мэдээлжээ. 

Одоогоор түймэрт автсан газруудад 1300 гал сөнөөгч ажиллаж байгаагаас армийн алба хаагчдыг мөн дайчлан ажиллуулах боломжтой талаар Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна. Хэдийгээр австрали улсад ид халалтын улиралд ой хээрийн түймэр гарах явдал түгээмэл байдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ой хээрийн түймрийн цар хүрээ болоод хор хохирлын хэмжээ эрс нэмэгдэх болсныг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулсаар байгаа юм.

Өнгөрөгч 2018 болон 2017 онууд л гэхэд австрали улсын түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн жагсаалтын 3 болон 4-р байранд эрэмбэлэгдэж байна.