ЖДҮХС-ийн мөнгийг хадгаламж зээлийн хоршоонд байрлуулсан найман ААН-ийн хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газар 2019 оны эхний есөн сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчдтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлага солигдсоноос хойш авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллажээ.

Мөн энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12 их наяд 78 тэрбум, 285 сая гаруй төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,6  тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 136,8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн байна. Ийнхүү өмнөх жилүүдээс илүү өндөр дүнтэй хохирол тооцогдсон нь Жастын Батхүү болон Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой гарсан дүн гэдгийг АТГ-аас онцоллоо. Харин Авлигатай тэмцэх газар хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар авсны дүнд олны анхаарал татсан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Мөн өнгөрөгч оны 12-р сард эхэлсэн ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгаж байгаа юм байна. Тодруулбал ЖДҮХС-ын санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34 иргэн, ААН албан тушаалтантай холбоотой 11иргэн , ААН байгааг тогтоож шалгалт хийсэн. Одоогийн байдлаар найман тохиолдол шалгагдсан байна.

Мөн нэр бүхий 17 шүүгчтэй холбоотой хэргээс 6 шүүгчийн хэргийг мөрдөн шалгаж дууссан бусдыг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа. Мөн салхитын мөнгөний ордтой нэр холбогдсон боловч хил дамнан зугтсан Төмөрбат шүүгчийг авчрахаар ажиллаж байгааг танилцууллаа.