Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио нь 15 сая төгрөгийн шатахуун хэмнэнэ

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохионы зохицуулалт бий болсноор  автозамын хөдөлгөөний урсгал дөрвөн минутаар нэмэгдэж 15 сая төгрөгийн шатахууны хэмнэлт гарах тооцооллыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийсэн байна.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 600 мянга гаруй, өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог 450 мянган гаруй автомашин байдаг. Тэгвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн 800 гаруй км хатуу хучилттай автозамын 30 хувийг хянаж гэрлэн дохион зохицуулалт хийдэг. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын ачааллыг бууруулахад автозамын хяналт, зохицуулалтыг нэмэх шаардлага байгаа юм. Эдгээрийн нэг нь явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио юм.

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог олон улсад хэрэглээд олон жил болж байна. Харин манай улс энэ жил анх удаа тус гэрлэн дохиог явган зорчигч бага зорчдог автозамд байршуулж эхэллээ. Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог яармагийн гүүрээс нисэхийн уулзвар хүртэл зургаан газарт байршуулсан. Тэгвэл зарим гарцны гэрлэн дохионы үйл ажиллагаа зогссон байсан нь авто замын ачааллыг нэмэгдүүлж байсан юм.

Нийслэлд энэ оны 10 дугаар сарын байдлаар 85 мянга гаруй автомашин шинээр бүртгэгдсэн байдаг.

Цаашид энэ төрлийн автозамын зохицуулалтыг нэмэгдүүлснээр өсөн нэмэгдэж байгаа автомашины хөдөлгөөн болон явган зорчигчийн аюулгүй зорчих байдлыг сайжруулахыг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс онцолсон юм.