Нийслэлийн 20 мянга гаруй өрх газраа орон сууцаар солих боломж бүрдлээ

Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 60 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод байгаа нийт өрхийн 56 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэгвэл Улаанбаатар хотын гэр хорооллоос үүдэлтэй агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн орон сууцны корпорациас орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх замаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх ажлыг төвийн 4 дүүргийн 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарыг хамруулан хийх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл дээрх бүсэд амьдардаг гэр хорооллын 20 мянга гаруй өрх газар чөлөөлөлтөд хамрагдаж орон сууцтай болох боломжтой юм байна. 

Тодруулбал гэр хорооллын бүсэд 4 га газрыг чөлөөлөх замаар иргэд айл өрхөд орон сууц олгох юм. 4 га газарт дунджаар 90-100 өрхийн нэгж талбар байгаа бөгөөд тухайн газрыг эзэмшигч эзэд нь 100 хувь өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэж хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна. Ингэхдээ нэг дор хамгийн багадаа 4 га газрыг чөлөөлнө гэдгийг нийслэлийн орон сууцны корпорациас онцолж байна.

Газрын үнэлгээ орон сууцны үнээс давсан эсвэл  бага тохиолдолд нийслэлийн орон сууцны корпорациас тухайн өрхтэй харилцан тохиролцох гэрээ байгуулж зөрүү төлбөрийг 8 хувиас багагүй хүүтэй байх нөхцлөөр эргэн төлөх боломжийг бүрдүүлэх юм байна.