АНУ-ын SpaceX компани дэлхий дахиныг интернэтээр бүрхэх зорилготой Старлинк төслийнхөө хүрээнд өнгөрөгч 5-р сард эхний 60 хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам руу илгээсэн нь амжилттай болсон юм.

Тэгвэл даваа гарагт тус компани хоёр дахь шатны дахин 60 хиймэл дагуулыг нэмэлтээр илгээж, эх дэлхийгээс 280 кмийн тэртээх доод тойрог замд байршуулах ажиллагаа явуулсан нь амжилттай болсноо зарлажээ. 

Хиймэл дагуулуудыг Флорида мужийн Канаверал хошуун дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний баазаас хоёр шатлал бүхий "Falcon 9" пуужингаар Америкийн зүүн эргийн цагаар өглөөний 9 цаг 56 минутад хөөргөсөн байна.

Энэ маягаар нийтдээ 12 мянган хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа Старлинк төсөл хэрвээ амжилттай хэрэгжвэл дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс одоо хэрэглэж байгаагаасаа хавьгүй илүү хурдан интернэтийг сансрын холбоогоор дамжуулан хэрэглэх боломж нээгдэх юм.

Өнөөдөр дэлхий дээр интернэтийн сүлжээнд холбогдоогүй 3 тэрбум хүн бий гэх тооцоо байдгаас энэхүү төслөөр дамжуулан дэлхийн бүх хүнд интэрнэтийн сүлжээнд холбогдох боломж олгохоор зорьж байгаагаа SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгджээ.

Өнгөрөгч 5-р сард тус компани эхний ээлжийн 60 хиймэл дагуулыг тойрог замд байршуулсны дараагаар шөнийн тэнгэрт ар араасаа галт тэрэг шиг цуврах хиймэл дагуулуудыг харь гарагийн нисдэг таваг хэмээн андуурч дуудлага өгөх хүмүүсийн тоо тухайн үед эрс нэмэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Үүнтэй холбогдуулаад тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хиймэл дагуулуудынхаа гэрэл ойлгох чадвар буюу альбедог бууруулахыг мэргэжилтнүүддээ үүрэг болгож байжээ.