Хонконг дахь ардчиллын төлөөх үймээн самуун улам даамжирлаа

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгт өчигдөр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал улам даамжирч, хүчирхийлэл түрэмгийлэл газар аваад байна.

Тэмцэгчид болон цагдаа нарын хооронд гарсан ээлжит мөргөлдөөний үеэр хэв журам сахиулагчдын зүгээс жагсагчид руу гал нээж, нэг жагсагчийг хүндээр шархдуулсан бол үүний дараагаар жагсагчид гэм зэмгүй иргэнийг амьдаар нь шатаасан хэрэг  гарч, нийтдээ 60 гаруй хүн гэмтэж бэртсэнийг эх сурвалжууд мэдээлжээ.

Улмаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад Хонконгийн захирагч Кэрри Лам ардчиллын төлөөх тэмцэгчдийг ард түмний дайсан хэмээн шүүмжилж, хүчирхийлэл түрэмгийллээр далайлган шахалт үзүүлэх гэсэн оролдлогынх нь хариуд засгийн газар буулт хийхгүй гэдгийг хатуу сануулсан байна.

Түүнчлэн эх газрын хятадын эрх баригчдаас Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгчдэд хандан, улс эх орных нь бүрэн эрхт байдалд аюул заналхийлэл учруулахыг завдсан ямар ч оролдлогыг нухчин дарна гэдгээ анхааруулаад байгаа юм.

Хонконг дахь үймээн самуун улам хурцадмал байдалд шилжиж байгаатай холбогдуулаад АНУ-ын талаас  хэв журам сахиулагчид болон жагсагчдыг харилцан буулт хийхийг уриалж, нийгэмд үүсээд байгаа үймээн самууныг намжаахыг Хонконгийн эрх баригчдаас хүсчээ.