Боливи улсын ерөнхийлөгч асан Эво Моралест Мексик улс орогнол олголоо

Өмнөд Америкийн Боливи улсын төрийг 2006 оноос хойш удирдсан Эво Моралест Мексик улсын засгийн газар улс төрийн орогнол олгох шийдвэр гаргаснаа өчигдөр мэдэгдлээ.

Аудитын шалгалтаар өнгөрөгч 10-р сард Боливи улсад явагдсан парламентын сонгуулийг будлиантай явагдсан гэсэн дүгнэлтэд хүрснээр ард иргэдийн зүгээс шударга сонгууль явуулахыг шаардсан тэмцэл хөдөлгөөн газар авч, улмаар ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн юм.

Түүнийг огцорсны дараагаар Мексик улсын талаас түүнд улс төрийн орогнол олгох санал тавьсныг нь Эво Моралес хүлээн авч, өчигдөр Мексик улсыг зорьсон тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулаад шинээр сонгууль явуулах хүртэл боливийн сенатын дэд дарга ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон байна.

Боливи улсын нутгийн уугуул иргэдээс төрсөн анхны төрийн тэргүүн тооцогддог Эво Моралесын тухайд  ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авсан цагаасаа хойш ядуурлыг бууруулах тал дээр үр дүнтэй бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх болсон юм.

Гэвч сүүлийн жилүүдэд тэрээр албан тушаалдаа мөнхрөх оролдлого хийж, будлиантай арга замаар 4 дэх бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогдсон нь ард иргэдийнх нь бухимдлыг дээд цэгт нь хүргэж, улмаар засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн газар авах нөхцлийг бүрдүүлжээ.