Төрийн албаны машиныг хувийн зорилгоор ашиглаж байсан 28 тохиолдлыг илрүүлжээ

11-р сарын 11-ний өдөр төрийн албаны зөвлөл цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн таван сургуульд төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар төрийн албаны 28 машиныг хувийн хэрэгцээнд ашигласан буюу төрийн албан хаагчид хүүхдээ албаны машинаар сургуульд нь хүргэж өгсөн тохиолдлуудыг илрүүлжээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн 5 сургууль буюу Орчлон, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль, Нэгдүгээр сургууль, Бритиш сургууль, Американ сургуульд төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийсэн байна. Тодруулбал Орчлон сургууль дээр болзошгүй 85 тохиолдлыг шалгаж үүнээс 5 автомашин нь төрийн албаных болох нь автомашины гэрчилгээгээр тогтоогджээ.

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр болзошгүй 42 тохиолдлыг шалгахад 16 машин, нэгдүгээр сургууль дээр болзошгүй 65 тохиолдлыг шалгаснаас 5 машин, Бритиш сургууль дээр болзошгүй 35 тохиолдлыг шалгаснаас 1 машин, Американ сургууль дээр болзошгүй 12 тохиолдлыг шалгаснаас нэг автомашин төрийн албаных болох нь машины гэрчилгээгээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дээрх шалгалтаар албаны авто машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байсан 28 тохиолдлыг илрүүлжээ.

Тэгвэл төрийн албаны тухай хууль, "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон байдаг.

Тиймээс төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг иргэдийн оролцоотой таслан зогсоохыг уриалж, энэ талаарх мэдээллийг төрийн албаны зөвлөлийн албан ёсны цахим хуудаст хүлээн авахыг мэдээллээ.