УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зөрчил шийдэгдээгүй

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтнуудын орлого, хөрөнгөө хууль ёсны дагуу олсон эсэх, хөрөнгийн эх үүсвэр болон тэдний гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн орлогын эх үүсвэрийг шалгаж байгаа. Шалгалтаар аж ахуйн нэгжийн албан татварын хууль, хувь хүний орлогын албан татварын хууль зэргийг зөрчсөн 569 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Авлигатай тэмцэх газар 2013 оноос эхлэн нийтийн албан тушаалтнууд орлого, хөрөнгөө хууль ёсоор олсон эсэх болон хөрөнгийн эх үүсвэрийг цахимаар нэгдсэн журмаар шалгаж эхэлсэн. Мөн зарим мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх хувь эзэмшдэг аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэх зэргийг нягтлан шалгадаг. 2019 оны эхний 9 сарын байдлаар албан тушаалтантай холбоотой есөн зөрчил илэрснээс гурав нь аж ахуйн нэгж, иргэнтэй холбоотой асуудал байсан байна. Энэ удаагийн хяналтыг татварын ерөнхий газартай хамтран хийжээ.

Дээрх зөрчлүүдэд нийт 43 сая төгрөгийн шийтгэлийн төлбөрийг зөрчлийн хууль, татварын хуулийн дагуу оногдуулсан байна. Үүнээс гадна УИХ-ын нэр бүхий 3 гишүүнтэй холбоотой үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Учир нь АТГ 2012 оны сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүнийг шалгах эрхгүй болсон юм.

Энэ мэтчилэн хууль эрх зүйн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж АТГ хангалттай хэмжээнд хяналт шалгалтын ажил хийж чадахгүй байна.