Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хар салхины хор хөнөөл гурав дахин нэмэгджээ

Өнөө үед хар салхины дэгдэлт болон түүнээс үүдэлтэй хор хохирлын хэмжээ 100 жилийн өмнөх үетэй харьцуулбал гурав дахин нэмэгдээд байгааг Дани улсын эрдэмтэд сүүлд явуулсан судалгаагаараа танилцуулсан байна.

Хэдийгээр өмнөх судалгаануудад эрдэмтэд хар салхины хор хөнөөлийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбон тайлбарлахаас зайлсхийдэг байсан ч энэхүү судалгаандаа хор хохирлын хэмжээг шинэ аргаар тооцож,  уур амьсгалын өөрчлөлт нь хар салхины дэгдэлтэд гарцаагүй нөлөө үзүүлж байгааг тогтоосноо танилцуулжээ.

Тухайлбал эрдэмтэд 1900-аас 2018 оны хооронд гарсан 240 удаагийн хар салхин дээр судалгаа явуулж, байгаль орчинд үзүүлсэн хор хохирлын хэмжээ болоод давтамжийнх тал дээр түлхүү анхаарал хандуулахад  хар салхины хор хөнөөл 100 жилийн өмнөхтэй харьцуулбал 330 хувиар нэмэгдсэн байна.

Үүнд хүлэмжийн хийн нэмэгдэлтээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гол нөлөөлж буй хүчин зүйл болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Хар салхи нь хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшигт тооцогддог төдийгүй 2005 онд гарсан Катрина хар салхины нөлөөгөөр л гэхэд АНУ тухайн үедээ 125 тэрбум америк долларын хохирол амсаж байсан юм.