Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл өсөж байгаад иргэд бухимдаж байна

Ирэх 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл өсөж 26 хувьд хүрнэ. Ингэснээр ажил олгогч ажилтныхаа цалингийн 13.5-15.5 хувийг, ажилтан өөрөө цалингийнхаа 12.5 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөхөөр болж байна. Эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэл ийнхүү өсөж байгаа нь ажил олгогч болон ажилтанд хүндээр тусаж байгааг иргэд хэлж байна. Тиймээс монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцсэн байр суурьтай байгааг илэрхийллээ.

2017 онд нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн батлагдаж, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулснаар 2018-2020 оны хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 5 хувиар нэмэгдэхээр болсон байдаг. Ингэснээр ирэх онд ажилтан ажил олгогч цалингийн 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм. Жишээлбэл 900.000 төгрөгийн цалинтай иргэн сард нийгмийн даатгалын шимтгэлд 103.500 төгрөг төлдөг байсан бол, ирэх оноос 112.500 төгрөг төлөхөөр болж байгаа юм. Ажил олгогч 112.500 төгрөг төлдөг байсан бол ирэх оноос 121.500  төгрөг төлөхөөр  болж байна.  Ингэснээр ажилтны гар дээр очих цалин 9000 төгрөгөөр багасахаар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалд даатгуулагч 46.905 аж ахуй нэгжийн 1.101.294 даатгуулагч байна. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх шаардлагыг УИХ, УИХ-ын төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлээд байгаагаа  мэдэгдлээ.

Сангийн сайд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин тэтгэврийг нэмэхээр 2020 оны төсвийн төсөлд тусгасан болохыг онцолж байгаа ч монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж төсвийн орлогыг бүрдүүлж байгааг шүүмжилж байгаа юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь цалин тэтгэврийн бодит нэмэгдэл болон худалдан авалтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр иргэдийн орлого буурна. Түүний оронд бусад төсвийн зардлаа багасгах хэрэгтэй гэдгийг үйлдвэрчний эвлэлийн холбоо болон салбар хорооны төлөөлөл онцолж байна.