БНСУ 2025 он гэхэд хувийн ахлах сургуулиудыг татан буулгана

Бүгд найрамдах Солонгос улс боловсролын системдээ үүсээд байгаа тэгш бус байдлыг арилгах үүднээс 2025 он гэхэд хувийн өмчийн ахлах сургуулиудыг татан буулгах шийдвэр гаргаснаа өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн байна. Тус улсад одоогоор хувийн өмчийн 79 ахлах сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас нийт сурагчдын 4 хувь суралцдаг гэх тоо баримтыг албаныхан танилцуулсан юм.

БНСУ-ын боловсролын яам хүүхдүүдэд боловсролын системийг эрх тэгш, хүртээмжтэй байлгах үүднээс 2025 оноос эхлэн хувийн ахлах сургуулиудыг татан буулгаж, улсын сургууль болгох шийдвэр гаргаснаа зарлалаа.

Өмнөд Солонгостоо "Элитүүдийн" гэж нэрлэгддэг хувийн сургуулиудад ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд суралцдаг нь боловсролын систем дэх тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, цаашлаад нийгмийн давхаргын ялгааг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. 

Тэдгээр сургуулиудын төлбөр нь энгийн сургуулиудтай харьцуулбал 3 дахин өндөр байдгаас гадна 2019 оны эхний 4 сарын байдлаар тус улсын нийт ахлах сургуулийн сурагчдын 4 хувь нь тусгай төлбөртэй, хувийн сургуулиудад суралцаж байна гэх тооцоог албаны эх сурвалжууд танилцуулсан байна.

Тэгвэл дээрх шийдвэрийн хүрээнд БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй нийт 79 хувийн сургууль 2024 оныг дуустал хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд 2025 оны 3-р сараас эхлэн энгийн сургуулиудтай ижил нөхцөлөөр хүүхдүүдийг элсүүлдэг болох юм.

2025 он гэхэд хэрэгжиж эхлэх тус шийдвэртэй уялдуулаад өмнөд солонгосын боловсролын яам улсын сургуулиудын хөтөлбөрт шинэчлэл хийж, шинэ кредитийн системийг нэвтрүүлэхээ мэдэгдсэний дээр энгийн сургуулиудын боловсролын чанарыг нэмэгдүүлэх үүднээс 2 их наяд вон төсөвлөснөө мэдэгджээ.

Энэхүү шийдвэрийг хувийн сургуулиуд болоод тэдгээр сургуулиудад хүүхдүүдээ явуулдаг эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэж байгаа ч ихэнх иргэдийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.