Умард туйлын хүйтэн урсгалын нөлөөгөөр АНУ-д цочир хүйтрэл нүүрлэжээ

Австрали улсад ган гачиг болоод хэт халалтын улмаас ой хээрийн түймэр газар аваад байгаа энэ цаг үед бөмбөрцгийн нөгөө талд АНУ-ыг умард туйлын тэсгим хүйтэн агаарын урсгал дайрсны улмаас цочир хүйтрэлтэйгээ нүүр тулаад байна.

Одоогоор АНУ-ын Канзас болон Иллинойс зэрэг мужуудад агаарын температур өмнөх жилүүдтэй харьцуулбал хамгийн доод түвшиндээ хүрч, энэ долоо хоногийг дуустал хэд хэдэн газруудаар цочир хүйтрэл явагдах төлөвтэй байгааг цаг уурчдын зүгээс сэрэмжлүүлжээ.

Жилийн мөн үед харьцангуй дулаан байдаг Техас мужид хүртэл агаарын температур мягмар гарагийн байдлаар гэхэд хасах 40 хэмд хүрснийг эх сурвалжууд мэдээлж байна.

Цаг агаарын энэхүү тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалаад мягмар гарагийн байдлаар автомашины ослоор 4 хүн амь үрэгдсэний дээр онгоцны буудлуудын үйл ажиллагаа түр хугацаагаар саатахад хүрч, 1000 гаруй нислэг цуцлагджээ.

Түүнчлэн албаныхны зүгээс зарим сургуулиудыг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч, иргэдийг онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөөд байна.

Сибириэс гаралтай умард туйлын тэсгим хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр АНУ-ын нийт нутгуудын 70 хувь нь энэ долоо хоногт цочир хүйтрэлтэй тулгарах төлөвтэй байгаагаас үүдээд цаг уурын газраас нийт 240 сая хүнд сэрэмжлүүлэг хүргүүлснээ мэдээлжээ.