Хонконг дахь нөхцөл байдал улам хурцдаж, гадаадын оюутнууд нутаг буцаж эхэллээ

Хонконгт сүүлийн 5 сарын турш үргэлжилж байгаа ардчиллын төлөөх тэмцэл хөдөлгөөн улам хурцадмал байдалд шилжиж байгаатай холбогдуулаад гадаадын зарим оюутан сурагчид нутаг буцаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Ардчиллын төлөөх тэмцэгчид болон засгийн газрын дэмжигчдийн хоорондох мөргөлдөөн өдөр ирэх тусам эрчимжиж байгаа энэ цаг үед Хонконгийн сургууль, оюутны байрууд дайны талбар болж хувираад байгаа юм. Жагсагчдын зүгээс сургуулийн байруудыг жагсаал цуглаан зохион байгуулахад ашиглагдаж байгаа шатамхай бөмбөг үйлдвэрлэх газар болгон ашиглаж байгаатай хологдуулаад албаныхнаас энэ долоо хоногийг дуустал сургуулиудыг амраах шийдвэр гаргаснаа зарлаад байна.

Өчигдөр ардчиллын төлөөх жагсагчид болон Засгийн газрын дэмжигчдийн хооронд гарсан ээлжит мөргөлдөөний үеэр гэм зэмгүй жирийн иргэн амь үрэгдсэн хэрэг гарсан юм. Албаныхны мэдээлж байгаагаар хохирогч 70 настай эрэгтэй тэмцэгчдийн шидсэн зүйлд тархин тушаа газраа оногдож улмаар эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө 22 настай жагсагч хэв журам сахиулах ажиллагааны үеэр нулимс асгаруулагч хийнээс зугтах үедээ өндрөөс унан амь үрэгдсэн бол энэ долоо хоногийн эхэнд хэв журам сахиулах ажиллагаанд саад болохыг оролдсон нэг жагсагч руу цагдаагийн ажилтан гал нээн хүндээр шархдуулсан хэрэг гарсан юм.