Италийн Венец хотод гамшгийн үеийн онц байдал зарлалаа

Итали улсын түүх дурсгалын үнэт өв болсон Венец хотод энэ долоо хоногт усны түвшин 1.87 метр хүрч, үерийн гамшиг нүүрлээд байгаатай холбогдуулаад Засгийн газраас гамшгийн үеийн онц байдал зарлах шийдвэр гаргасан байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу Юнескогоос дэлхийн өвд бүртгэлтэй тус хот одоогоор 80 хувь нь үерт автаад байгаагаас Гэгээн маркийн Цогчин дуган тэргүүтэй жуулчдын хамгийн ихээр зорин очдог түүх дурсгалын газруудад нь ихээхэн хэмжээний хор хохирол учраад байна.

Пүрэв гарагт тус улсын Ерөнхий сайд Жюсеппе Конте нөхцөл байдалтай биечлэн танилцаж, улс үндэстнийх нь амин сүнс болсон Венец хот үерт автаад байгаа нь Итали улсад маш том гарз хохирол болж байгааг мэдэгдээд хотыг үер усны гамшгаас хамгаалах ажилд төсөв хөрөнгийн асуудлыг  шийдвэрлэх амлалтыг өгчээ.

Түүнчлэн тэрээр оршин суугчдад 5000 евро, бизнес эрхлэгчдэд 20 мянган еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Одоогоор үерийн гамшигтай холбогдуулаад ихэнх музей, үзвэр үйлчилгээний газрууд түр хугацаагаар үүд хаалгаа бариад байгаагийн зэрэгцээ олон бизнес дампуурлын ирмэг дээр ирээд байгааг албаныхны зүгээс мэдээлжээ.

 Итали улсын улсын зүүн хойд эрэг дээр нийтдээ 100 гаруй арлаас бүрддэг тус хотод Мягмар гарагийн байдлаар усны түвшин 1.87 метр хүртлээ дээшилсэн нь 1966 онд 1.94 метр болж нэмэгдэж байсан үйл явдлаас хойших хамгийн дээд хэмжээндээ хүрсэн анхны тохиолдолд тооцогдож байгаа юм.