МАОЭНХ: НДШ өсөж байгаа нь ЖДҮ эрхлэгчдэд хүндээр тусаж болзошгүй

Ирэх 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэл өсөж 26 хувьд хүрнэ. Ингэснээр ажил олгогч ажилтныхаа цалингийн 13.5 хувийг, ажилтан цалингийнхаа 12.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл ийнхүү өсөж байгаа нь ажил олгогч болон ажилтанд хүндээр тусаж байгааг аж ахуй нэгжийн төлөөлөл болон иргэд хэлж байна. Нийгмийн даатгалд иргэд албан журмаар болон сайн дураар даатгуулдаг. 2019 оны эхний 10 сарын байдлаар нийт 1.1 сая даатгуулагч нийгмийн даатгалд даатгуулжээ. Эдгээрээс 46.9 мянган аж ахуй нэгж байгууллагын 907 орчим мянган даатгуулагч албан журмаар буюу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан нийгмийн даатгалд хамрагдаж байна. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл ирэх оноос 2 хувиар өсөхөөр байгаа нь даатгуулагч болон ажил олгогч нарт хүндээр тусаж байгааг иргэд аж ахуй нэгжийн төлөөлөл онцолж байна. Ялангуяа жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс санхүүгийн хүнд нөхцөлд орж болзошгүй байна.

Тэгвэл иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч эргээд авах тэтгэврийн хэмжээ бага, даатгалаас авах үйлчилгээний хүртээмж бага байдгийг онцолж байгаа юм. Тэгвэл нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид сан тэтгэвэр тэтгэмжээс гадна нэг удаагийн олон даатгалын үйлчилгээг авч байгааг мэдээлсэн юм. Жилийн дунджаар нийгмийн даатгалын сангаас 645 орчим мянган даатгуулагчид үйлчилгээ авдаг байна. 

Тэгвэл хувиараа болон жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалд сайн дурын үндсэнд даатгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Тэгвэл энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 178 мянган хүн сайн дурын үндсэн дээр даатгуулжээ. Эдгээрээс 44 мянга нь малчид байна. Мөн нийгмийн даатгалын сангаас сар бүр тэтгэвэр авдаг 410 мянга гаруй хүн байгаагаас 310 мянга нь өндөр  настны тэтгэвэр авдаг бол 70 орчим мянга нь тахир дутуугийн тэтгэвэр, 20 гаруй мянга нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, 20 гаруй мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгааг нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.