Зориг агсны  хэрэгт холбогдогч хоёр ялтанг суллахыг шаарджээ

УИХ-дахь Зоригийн хэргийг шалгах түр хорооны төлөөлөл Олон улсын парламентын холбооны хуралд оролцоод ирсэн. Тэдний төлөөлөл өнөөдөр олон улсын парламентын холбооноос  Зоригийн хэрэгт холбогдсон хоёр ялтанг эрүүдэн шүүсэн нь баримтаар нотлогдсон тул Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардсан гэдгийг мэдэгдлээ.

Манай улсад өнгөрөгч есдүгээр сард олон улсын парламентын холбооны төлөөлөл ажилласан. Тэд энэ үеэрээ Зоригийн хэрэгт холбогдсон 2 ялтантай уулзалт хийсэн байна.  Холбооны зүгээс эрх баригч, албан тушаалтнуудад эрүүдэн шүүсэн хэргийн явц, үр дүнгээс үл хамаарч Чимгээ Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаарджээ. Учир нь Зориг агсныг хөнөөсөн нь  баталгаатай нотлох баримтаар нотлогдохоос нааш тэдний эсрэг хийж байгаа шүүх ажиллагааг зогоох, хууль бусаар ял тулгасныг хүлээн зөвшөөрөх нь зөв гэжээ. Тиймээс Содномдаржаа, Чимгээ нарыг суллахаас гадна  тэднийг нөхөн олговор нэхэмжлэх эрхтэйг Олон улсын парламентын холбооноос онцолсон байна. Мөн Зоригийн хэргийн анхан болон дээд шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргасан ч давж заалдах шатны шийдвэрийг нууцад оруулах оролдлого хийсэн гэдгийг тэд онцолсон байна.