Агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс 1-2 дахин буурчээ

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд энэ оны тавдугаар сараас эхлэн түүхийн нүүрс оруулж ирэх болон хэрэглэхийг хориглосон. Уг шийдвэртэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байна. Хүйтний улирал эхэлснээс хойш сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор иргэд угаарын хийн хордлогод өртөх тохиолдол гарсаар байгаа юм.

-Хүйтэн сэрүүний улирал эхэлснээс хойш буюу энэ оны 10-р сарын 2-ноос 11-р сарын 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын шинжтэй дуудлагыг 415 өрхийн 991 иргэн  өгчээ.

-Эдгээрээс 439 нь хүүхэд, 552 нь насанд хүрсэн иргэн байна.

-Энэ хугацаанд 45 хүн эмнэлэгт хэвтэж угаарын хийн хордлогын эмчилгээ хийлгэжээ.

-Өнөөдрийн байдлаар хордлогын яаралтай тусламжийн төвд нэг хүн угаарын хийн хордлогын эмчилгээ хийлгэж байна.

Тэгвэл нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээлж байгаагаар агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс 1-2 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс айл өрх иргэдийг сайжруулсан түлшээр галлахдаа пийшин зуухны аюулгүй ажиллагааг хангахыг анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт 30 өрхийн 89 иргэн ханджээ. Эдгээрээс 38 нь хүүхэд, 51 хүн байжээ. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан нийслэлийн онцгой комиссоос пийшин зууханд галлагаа хийхдээ аюулгүй ажиллагааг хангахыг сэрэмжлүүлж байна.

Агаар дахь том ширхэгт тоосонцор өмнөх оны мөн үетэй адилхан байгаа бол нарийн ширхэгт тоосонцор өмнөх оны мөн үеэс багсаж агаарын бохирдол өмнөх оноос 1-2 дахин буурсныг нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас онцолж байна. Харин агаар дахь хүхрийн хийн агууламж өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогод өртөж 9 хүн нас барснаас 4 нь хүүхэд 5 нь том хүн байгаа юм. Цаг агаар хүйтэрч байгаа ч угаарын хийн дуудлага багсаж байгааг нийслэлийн онцгой комиссоос онцолж байна. Ирж байгаа дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Тиймээс аюулгүй байдлаа хангахыг иргэдэд сэрэмжлүүллээ.