Монгол улсын төрийн тэргүүн зэргийн одон буюу чингис хаан одонг The Hu хамтлагт олгохоор болсон талаар өнөөдөр ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор мэдээллээ. Жил бүр их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, төр ёс, түүх уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэдийг энэхүү одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ удаа "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа "The Hu" хамтлагт хүртээхээр шийдвэрлэжээ. Тус хамтлагийн  "Чингис хаан" дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломат хүрээний эерэг үр дүн гарсан гэдгийг мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас онцоллоо.