Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг бусдад бэлгийн дарамт  үзүүлсэн мөн нисэхийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэмээн БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газраас түр саатуулж улмаар тус улсын прокуророос долоон сая вонын торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Өнгөрөгч долоо хоногт үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо эргэн ирсэн бөгөөд тэрээр үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар энэ баасан гарагт хэлэлцэх юм. Учир нь цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд энэ пүрэв гарагт эх орондоо ирнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг огцруулах асуудлыг үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар шийдвэрлэдэг.

Тус хуулийн 5-р зүйлийн 4-т цэцийн гишүүнийг өөрийн хүсэлтээр гаргасан тохиолдолд албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлж болох талаар заасан байдаг. Энэ баасан гарагт үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар түүнийг огцруулах эсэхийг шийдсэний дараа УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Учир нь үндсэн хуулийн цэцийн дарга нь УИХ-аас томилогдсон гурван гишүүний нэг юм байна.

Хэрэв үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа огцорвол түүний орны хүнийг цэц дотроос томилох хуультай.