ЭМЯ: Манай улс антибиотекийн хэрэглээгээр дэлхийд дээгүүрт орж байна

Антибиотикийг хүн болон амьтны эрүүл мэнд, нянгийн халдварыг эмчлэх , мэс ажилбар, хагалгааны үед халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд нянгийн тэсвэржилтээс болж антибиотекоор эмчлэх боломж багсаж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл антибиотекийг хэтрүүлэх эсвэл дутуу хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийг бий болгоход нөлөөлж байна. Тиймээс антиобиотекийн зохистой хэрэглээний талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

Нянгийн тэсвэржилтээс болж дэлхийн даяар жилд 700 мянган хүн нас бардаг байна. Өөрөөр хэлбэл өдөрт 2000 хүн нянгийн тэсвэржилтээс болж хорвоог орхиж байгаа юм. Тэгвэл антибиотекийн зохисгүй хэрэглээ нь нянгийн тэсвэржилтийг бий болгоход голлон нөлөөлдөг байна.

Тухайлбал дэлхийд жилд нянгийн тэсвэржилтээс болж нас барж байгаа 700 мянга хүний 230 орчим мянга нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээс болж нас барж байна. Манай улсын хувьд сүрьеэгийн шинэ тохиолдлын 5.3 хувь нь, эмчлэгдсэн тохиолдлуудын 16.5 хувь н ь эмэнд тэсвэртэй сүрьеэ байгаа юм.

Тиймээс иргэдийг эмийг зохистой хэрэглээ, антибиотекийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх долоо хоногийг манай улс тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсад нийт хүн амын хэрэглэж байгаа эм эмнэлгийн хэрэгслийн 70 орчим хувийг импортоор авдаг. Дотоодын эмийн 7 үйлдвэр байдаг. Манай улсын эмийн бүртгэлд  5900 эм бүртгэгдсэнээс 14 орчим хувь нянгийн эсрэг үйлдэлтэй антибиотик байгаа юм.