Энэ оны долоодугаар сараас эхлэн "Тэмбүүг устгая" үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааны үр дүнд Тэмбүү өвчний илрүүлэг, эмчилгээ өссөн үр дүнтэй байна. Энэ оны эхийн 10 сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13.685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38 хувийг эзэлж байна.Тэгвэл "Тэмбүүг устгая" үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш 4 сарын хугацаанд Улсын хэмжээнд нийтдээ 218.000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийжээ.Эдгээрээс тэмбүүтэйн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн эмчилж бүрэн эдгэрсэн байна. Мөн улсын хэмжээнд давхардсан тоогоор 29.290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, жирэмсэн эмэгтэйчүүдээс 850 орчим тэмбүүтэй тохиолдлыг илрүүлсэн байна. Иргэдийн бэлгийн замаар дамжих халдварын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч хавьтлыг илрүүлэлт хангалттай бус байгааг ЭМЯ-наас онцолж байна. Тиймээс иргэдийг үзлэг шинжилгээнд хамрагдаж бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Цаашид халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, тэмбүүг устгая үйл ажиллагааны хүрээнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллахыг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн жирэмсний хяналт, бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг онцоллоо.