Ану цэргийн баазынхаа зардлын асуудлаар өмнөд солонгостой зөвшилцөлд хүрч чадсангүй

БНСУ дахь АНУ-ын цэргийн баазын урсгал зардлын асуудлаар хоёр орны төлөөлөгчдийн дунд явагдсан уулзалт хэлэлцээ хамтарсан шийдэлд хүрч чадалгүй өндөрлөснийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдлээ.

Даваа гарагаас эхлэн хоёр өдрийн турш үргэлжилсэн тус уулзалтаар талууд АНУ-ын цэргийн баазтай холбоотойгоор хоёр орны дунд үүсээд байгаа 4 тэрбум америк долларын цоорхойг нөхөх асуудлаар хэлэлцсэн байна. Хэдийгээр энэ оны эхэнд Өмнөд солонгосын Батлан хамгаалах яам АНУ-ын шаардлагын дагуу тус улсын цэргүүдийг нутаг дэвсгэр дээрээ үргэлжлүүлэн байршуулах асуудлаар шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурж, 1 зууны 4 их наяд вон буюу ойролцоогоор 1 тэрбум америк доллартой тэнцэх хэмжээний мөнгө төлөхөөр тохиролцсон юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс өмнөд солонгосын эрх баригчдыг одоо төлж байгаа 1 тэрбум америк долларын зардлаа 5 дахин өсгөж, 5 тэрбум америк доллар болгон нэмэгдүүлэхийг шаардаад байна.

1950-1953 оны хооронд болсон солонгосын дайн түр гал зогсоох гэрээгээр өндөрлөснөөс хойш Умард Солонгосоос ирэх аюул заналхийллээс хамгаалах зорилгоор АНУ-ын зүгээс нийтдээ 28 мянган 500 алба хаагчаа Өмнөд Солонгост байрлуулсан гэх тоо байдаг. Эдгээр цэргүүд нь Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн чухал баталгаа болдог ач холбогдолтой юм.

АНУ-ын зүгээс Өмнөд Солонгост бодох хугацаа олгох зорилгоор яриа хэлэлцээрийг төлөвлөсөн хугацаанаас өмнө өндөрлүүлснээ мэдэгдээд, цэргийн баазын асуудлаар хоёр орон зөвшилцөлд хүрч чадна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.