Швед улс Жулиан Ассанжид холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Викиликс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассажид холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийг Швед улсын прокурорын газраас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаа өчигдөр мэдэгдлээ.

Энэхүү хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэсэн тайлбар өгөөд байгаа Жулиан Ассанжийн тухайд 2012 онд  батлан даалтаар суллагдах үедээ Швед улсад шилжүүлэн өгөхөөс зугтаж, сүүлийн 7 жилийн хугацаанд Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байсан юм. Гэвч түүнийг өнгөрөгч 4-р сард Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено элчин сайдын яаманд орогнож байх хугацаандаа олон улсын протоколыг удаа дараа зөрчиж, улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдсан хэрэгт буруутган улс төрийн орогнолыг нь цуцлах шийдвэр гаргасан юм. Улмаар Их Британийн шүүхээс Жулиан Ассанжид Батлан даалтын гэрээг зөрчсөн хэргээр 50 долоо хоног буюу 11 сарын хугацаатай хорих ял оноосны дагуу тэрээр одоо Лондон хот дахь Белмаршийн шоронд хоригдож байна.

Шведийн прокурорын газраас Жулиан Ассанжид холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа байцаалт авсан хугацаанаас хойш мөрдлөгийн үйл явц хэтэрхий сунжирч, нотлох баримтууд хангалтгүй болсонтой холбон тайлбарлажээ.

Өдгөө 46 настай Жулиан Ассанжи 2010 онд өөрийн үүсгэн байгуулсан Викиликс цахим хуудсандаа АНУ-ын засгийн газрын нууц баримтуудыг ил болгож, олон улсад багагүй шуугиан дэгдээж байсан юм.