Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай тухай хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ

Манай улс 1990 оноос хойш 200 гаруй хөгжлийн бодлого баталснаас гурав нь  Үндэсний урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байжээ. Эдгээр баримт бичгүүдэд үнэлгээ хийхэд 39 хувь нь хөгжлийн бодлогын төлөвлөлтийн тухай  хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө үлдсэн  хувь нь хүчин төгөлдөр болсны дараа мөрдөгдөж эхэлжээ. Харин бодлогын зорилго, зорилтыг үнэлж ирүүлсэн баримт бичгийн 76 хувь нь хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцээгүй юм байна. Үндэсний хөгжлийн газар болон Үндэсний аудитын газраас гаргасан үнэлгээгээр төрийн байгууллага болон салбар хоорондын уялдаа холбоо муу байгаа учраас цаашид зохицуулалтын механизмыг сайжруулах шаардлага үүссэн. Үүнийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн  шинэчилсэн  төсөлд тусгажээ. Манай улс Үндэсний хөгжлийн бодлогын тухай хуулийг 2015 онд баталсан байдаг. Гэвч тус хуулиар хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулах гэж оролдсон ч үүргээ биелүүлж чадаагүй байна.  Хөгжлийн бодлогыг цаашид хариуцан ажиллах төрийн захиргааны байгууллагын статусыг тодорхой болгох шаардлага цаашид бий болж байна. Мөн үе үеийн засгийн газар солигдохтой зэрэгцэн хөгжлийн бодлогууд өөрчлөгддөг нь төлөвлөлтгүй бодлого бий болгох шалтгаан болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах тухай, мөн хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд өөрчлөлт оруулах  ёстой. Үүний нэг нь хөгжлийн бодлогын тухай хуулийн төсөл юм. Хөгжлийн бодлогын тухай хуулийн төслийг засгийн газарт өргөн мэдүүлсэн бөгөөд энэ ондоо багтан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.