Хөнгөвчлөх эмчилгээ нэн шаардлагатай хүмүүс 20 хоног эмнэлгийн ор хүлээдэг

Өчигдөр өвдөлт намдаах ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын эмч мэргэжилтнүүд санал солилцлоо. Манай улсын Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний амбулаториор жилдээ 3000 гаруй иргэн үйлчлүүлдгээс 780 гаруй иргэн дунджаар 7-10 хоног хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Мөн иргэд хавдрын хүнд үе, сүүлийн шатандаа оношлогдох тохиолдол ихсэж байгаа нь хөнгөвчлөх эмчилгээний ор хүлээгдлийг бий болгож байгааг Хавдар судлалын үндэсний төвөөс онцолж байгаа юм. Тухайлбал хөнгөвчлөх эмчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэн Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэхээр бол дор хаяж 20 хоног эмнэлгийн ор хүлээдэг байна. Өвдөлт намдаах ба хөнгөвчлөх эмчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эмчлүүлэгч түүний ар гэр, эмч, сувилагч нараас гадна хөнгөвчлөх эмчилгээнд сэтгэл зүйч, нийгмийн ажилтны оролцоо чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвд хөнгөвчлөх эмчилгээний нэг сэтгэл зүйч, нэг нийгмийн ажилтан ажиллаж байгаа юм. Цаашид хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ор, хүчин чадал, эмч, сувилагч болон тэр дундаа сэтгэл зүйч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.