АНУ Өмнөд Солонгосоос 4000 хүртэлх цэргээ буцаан татах асуудлаар хэлэлцэж байна

БНСУ дахь АНУ-ын цэргийн баазын зардлыг хувааж төлөх асуудлаар хоёр тал хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол АНУ Өмнөд Солонгост байрлаж байгаа 28 мянга 500 цэргийнхээ  нэг анги нэгтгэлийг буюу 4000 хүртэлх цэргийг буцаан татаж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Хэдийгээр энэ оны эхэнд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам АНУ-ын шаардлагын дагуу тус улсын цэргүүдийг нутаг дэвсгэр дээрээ үргэлжлүүлэн байршуулах асуудлаар шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурж, 1 зууны 4 их наяд вон буюу ойролцоогоор 1 тэрбум америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө төлөхөөр тохиролцсон ч АНУ-ын зүгээс тус мөнгийг 5 дахин нэмэгдүүлэхийг шаардаад байгаа юм. 1953 онд түр гал зогсоох гэрээгээр өндөрлөсөн Солонгосын дайнаас хойш бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор АНУ-ын нийт 28 мянга 500 цэрэг өмнөд солонгост байрлаж, умард солонгосоос ирэх аюул заналхийллээс сэргийлэх ажиллагаа явуулж байгаа.

Тэдгээр цэргүүдийнхээ тоог цөөлж, зардлаа хэмнэх сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс өмнө нь нэг бус удаа дурдаж байсны зэрэгцээ сүүлд л гэхэд өмнөд солонгост 5 тэрбум америк долларын үнэтэй батлан хамгаалах үйлчилгээ үзүүлж байгааг шүүмжилсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

АНУ-ын албаны хүний мэдээлснээр Өмнөд Солонгос улс хэдийгээр АНУ-ын хамгийн чухал холбоотон орнуудын нэг ч ямар ч улс оронд үнэгүй батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.