АНУ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын захиргаанаас БНХАУ-ын технологийн Гигант Хуавей компанийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх хугацааг дахин 90 хоногоор сунгах шийдвэр гаргаснаа мягмар гарагт мэдэгдлээ. АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байгаа энэ цаг үед талууд худалдааны маргаантай байдлаа шийдвэрлэж, нэгдсэн шийдэлд хүрч чадвал Хуавей компанийн эсрэг оноосон хоригийг цуцлах боломжтой гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна. Тус улсын зүгээс өнгөрсөн 5-р сард Хуавей компанийг засгийн газартаа тагнуулын шугамаар ажилладаг гэх хэрэгт буруутган үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн шалтгаанаар хар жагсаалтдаа оруулах шийдвэр гаргасан юм.

Улмаар тус шийдвэрийн хүрээнд АНУ-ын Гүүгл, Фэйсбүүк тэргүүтэй тэргүүлэгч технологийн компаниуд Хуавей компанитай хамтран ажиллахаас татгалзаж эхэлснээр тус компанийн олон улсын зах зээл дэх борлуулалтын хэмжээ өнгөрсөн 6-р сарын байдлаар л гэхэд 40 хувиар буураад байжээ.

Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа Самсунг Корпорацийн ард хоёрдугаарт бичигддэг Хуавей компанийн тухайд 2019 оны эхний 3 сарын байдлаар дэлхийн зах зээлд нийтдээ 59 сая ухаалаг гар утас борлуулсан гэж тооцоо бий.  Тэр ч үүднээсээ Хуавей компанийн зүгээс 2020 он гэхэд Самсунг корпорацийг гүйцэж, дэлхийд гар утасны борлуулалтаараа тэргүүлэх зорилго тавиад байсан ч АНУ-ын хоригийн улмаас хүндрэл бэрхшээл үүсээд байгааг мэргэжилтнүүд нь мэдээлсэн байна.