УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцогч гишүүдийн 60,5 хувийн саналаар С.Даваасүрэнг, 57,1 хувийн саналаар Н.Баяртсайханг албан тушаалаас нь чөлөөллөө.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн 11-р сарын 5-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан лхагва гарагт өөрийн албан тушаалаасаа огцрох өргөдлөө УИХ-ын даргад өгчээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс үг хэлж, асуулт асуугаагүй бөгөөд нийт гишүүдийн 60,5 хувь нь тус саналыг дэмжлээ.
Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг хэлэлцсэн боловч хуулийн хувьд үндэслэлгүй гэж зарим гишүүд үзэж байсан.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд өөрийн албан тушаалаа өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан ч өчигдрийг хүртэл хугацаанд тэрээр өргөдлөө өгөөгүй байсан юм. Харин өнгөрөгч мягмар гарагт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар саарал жагсаалттай холбоотой мэдээлэл өгсөн байна. Хэдийгээр саарал жагсаалтад орсон асуудал нь зөвхөн дээрх хоёр албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал биш тогтолцооны хэрэг гэж үзэж байсан ч ийнхүү УИХ-ын чуулганаар дээрх 2 байгууллагын удирдлагыг албан ажлаас нь чөлөөллөө.
2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы хуралдаанаар томилж байсан юм. Тус албан тушаалд төв банкны тухай хуулийн дагуу 6 жил томилогдон ажиллах ёстой. Харин дараагийн ерөнхийлөгчийг томилогдох хүртэл хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэнэ.