ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтийн алдаатай ирэх тохиолдол гарч байна

Энэ жил ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан хичээлийн жилийн турш төлбөртэй буюу түрээсээр ашиглуулахаар болсон. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн ч сурах бичиг бүрэн хангагдаагүй байна. Мөн сурах бичиг алдаатай хэвлэгдсэн тохиолдол их гарч байгааг сургуулийн номын санчид онцолж байна.

Манай улсад ерөнхий боловсролын сурах бичгийн стандарт 2008 онд батлагдсан байдаг. Тодруулбал "Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага" буюу МNS 5418:2008 стандартын дагуу сурах бичгийг хэвлэх ёстой. Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд нийлүүлж байгаа түрээсээр ашиглуулах сурах бичгүүд хэвлэлтийн алдаатай ирсэн байна.

Сурах бичиг хуудас нь шинээрээ салж унахаас гадна, хуудас алгассан, толгой нь буруу харсан, дугаар алгассан, хуудасгүй дан хавтастай ирэх зэрэг хэвлэлийн алдаатай сурах бичиг ихээр ирж байгааг сургуулийн номын санчид хэлж байна.

Уг нь бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичгийн МNS 5418:2008 стандартад хэвлэлтийн шаардлагыг нарийвчлан тусгасан. Мөн журмын дагуу хэвлэсэн сурах бичигт хяналт тавих ажлын хэсэг ажилладаг хэдий ч алдаатай, чанарын шаардлага хангаагүй сурах бичиг сургуулийн номын сан болон сурагчдын гарт ирсэн тохиолдол гарчээ.