УИХ-ын чуулганаар оюу толгой ордын ашиглалтад му-ын эрх ашгийг хангуулах тогтоолын төслийг баталлаа

Лхагва гарагт УИХ дахь эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оюу толгой ордын ашиглалтад монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Харин өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэн, 100 хувийн саналаар баталлаа.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ хэлэлцээрүүдэд УИХ-ын даргын томилсон ажлын хэсэг үнэлэлт дүгнэлт өгснийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг Оюутолгойн ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан. Тус тогтоолын төслийн дүгнэлтийг чуулганы эхэнд 2 дахь ажлын хэсгийн ахлагч танилцууллаа.

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Оюу Толгойн гэрээг цуцлах гэхээс илүүтэйгээр засаж сайжруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Учир нь Оюу Толгойн гэрээгээр манай улс 34 хувийг эзэмших ёстой байсан ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай гэрээнд өөрчлөлт орсноор манай улс 1,4 тэрбум долларын өртэй болсон төдийгүй 6,2 тэрбум долларын ашгийг Рио Тинто компани хүртэж байхад манай улс ашиг хүртэх боломжгүй болсон тухай дүгнэлтийг ажлын хэсгээс танилцуулж байсан.

Чуулганы үеэр зарим гишүүдийн зүгээс Дубайн гэрээг хүчингүй гэрээ гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. УИХ-ын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалт, орд газрын ашиглалт, Монголын талын өгөөж, түүнийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөц бүрэн тогтоогдсон эсэх, хайгуулын зардал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн шалтгаан, татвартай холбоотой хоёр талын үл ойлголцол, зөрчлийн талаар эдийн засгийн байнгын хороо болон ажлын хэсгээс тодруулан хариулт авч, Монгол улсын эрх ашигт нийцүүлэн энэхүү ордыг ашиглах талаар хэрхэх талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тус тогтоолын төслийг баталлаа. Үүний дараа  Оюу Толгойн хөрөнгө оруулагчидтай засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууна.