АНУ-ын санаачилсан Хонконгийн тухай хуулийн төсөл Хятад улсын эсэргүүцэлтэй тулгарлаа

Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төслийг мягмар гарагт АНУ-ын сенатын танхим дэмжсэн байна. Үүнтэй холбогдуулаад БНХАУ-ын гадаад хэргийн яам лхагва гарагт АНУ-ыг дотоод асуудалд нь оролцохгүй байхыг хатуу анхааруулаад, хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Хонконгийн тэмцэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын төлөөлөгчийн танхимаас санаачилсан "Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төсөл"-ийг мягмар гарагт конгрессын сенатын танхим дэмжсэн нь БНХАУ-ын эрх баригчдаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна

Одоогоор энэхүү хуулийн төслийг батлах эсвэл хориг тавих эсэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп эцэслэн шийдвэрлэх бөгөөд хэрвээ энэхүү хууль батлагдвал АНУ-аас Хонконгийн албан тушаалтнуудад хориг тавих боломж нээгдэх юм.

Үүнтэй холбогдуулаад БНХАУ-ын гадаад хэргийн яам АНУ-ыг дотоод асуудалд нь оролцохгүй байхыг сануулаад, хэрэв АНУ дээрх хуулийн төслийг баталвал олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болно гэж мэдэгджээ.

Одоогоор Хонконгийн Политехникийн их сургуулийг жагсагчдаас чөлөөлөх ажиллагаа 4 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нарын зүгээс сургуулийн байраас гарч ирсэн насанд хүрсэн хүн болгоныг үг дуугүй баривчилж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэр ч үүднээсээ их сургуулийн байранд өнөөг хэр нь бүгж байгаа 100 орчим жагсагчдын зүгээс янз бүрийн арга зам хэрэглэж зугтах оролдлого хийж байгааг албаныхан мэдээлжээ. Тодруулбал лхагва гарагт цагдаа нар муу усны хоолойгоор дамжин зугтахыг оролдсон зургаан жагсагчийг баривчилсан байна.

Ингэснээр сүүлийн 4 өдрийн хугацаанд цагдаа нар нийтдээ 1000 гаруй жагсагчийг баривчлаад байгаа бөгөөд 18 нас хүрээгүй жагсагчдын мэдээллийг бүртгэн авч, суллан явуулснаа мэдэгджээ.