‘‘Чингис хаан’’ одонг

Монгол бахархлын өдөр бас нэгэн баярт үйл явдал тохиолоо. Монгол улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг хүннү рок чиглэлээр уран бүтээл туурвидаг  "THE HU" хамтлагт олгох Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тус одонг өнөөдөр хамтлагийн продюсер  Б.Дашдондогт гардууллаа. Их эзэн  Чингис хаан мэндэлсний Монгол бахархлын өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж төр, нийгэм үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан одон"-оор шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд энэхүү шагналыг 12 дахь удаагаа олголоо. Тус шагналыг өмнөх жилүүдэд хүртэж байсан бүх эрхмүүд мөн өнөөдөр хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн юм. Хү хамтлаг нь Монгол уламжлалт хөгжмийн зэмсэг морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан монгол онцлогийг шингээсэн Хүннү рок урсгалыг Монгол улс төдийгүй дэлхий дахинаа түгээж байгаа юм. Тус хамтлагийн Гэрэг нэртэй анхны цомгийн Юу вэ, Юу вэ хэмээх дуу өнгөрөгч 9-р сард ‘‘Billboard World Albums’’ төрөлд нэгдүгээр байрт жагсаж амжилт гаргажээ. Мөн Youtube хуудсанд  2018 оны 9р сард цацагдаж байсан бол одоо 30,6 сая гаруй хүний хандалт авсан байна. Чингис хааны одонг гардуулах ёслолын үеэр Монгол улсын ерөнхийлөгч үг хэлэх үедээ тус хамтлагаар бахархаж байгаагаа илэрхийлж энэ мөчийг 1965 онд Битлз хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одонг Британийн нэр хүндийг дэлхий даяарт өсгөсний төлөө хэмээн тайлбарлаж байсан нь өнөөдрийн үйл явдалтай утга нэг шалтгаантай хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Хү хамтлаг нь нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг , уран бүтээл, хөгжмийн урсгалын чиглэл санааг боловсруулж судалсан байна.