Ерөнхий боловсролын зарим  ОУ-ын хөтөлбөртэй гэх сургуулиуд  албан ёсны зөвшөөрөлгүй байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон улсын хөтөлбөрийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ. Шалгалтаар олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй байх зөрчил зарим сургуулиудад илэрсэн байна. Тиймээс олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд холбогдох яамнаас хяналт тавьж ажиллах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас онцоллоо. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын 10 сургуульд шалгалт явуулахад тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байгаа зөрчил илэрчээ. Тодруулбал шалгалтад хамрагдсан сургуулиудын ихэнх нь энгийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх зөвшөөрөлтэй ч олон улсын хөтөлбөртэй гэж сурталчилж, сургуулиа нэрлэсэн байжээ. Дээрх зөрчил нь бүртгэлийн тухай хууль болон боловсролын тухай хуулийг зөрчиж байгаа юм.

Тухайлбал зарим сургууль Япон хүмүүжил, Америк, Сингапурын хөтөлбөр, Их британи Умард Ирландын нэгдсэн вант улсын бага, дунд ангийн хөтөлбөр, Англи хэл, Математик,Байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй байжээ. Мөн зарим өндөр төлбөртэй олон улсын гэх тодотголтой сургуулиуд сургалт явуулах чиглэл нь Бага, Суурь, Бүрэн дунд гэж заасан боловч цэцэрлэг болон бэлтгэл бүлэг хичээллүүлж байгаа нь Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ гэх заалтыг зөрчиж байгааг МХЕГ-аас мэдээлж байна. Мөн дээрх ОУ-ын хөтөлбөртэй гэх сургуулийн мэргэжлийн зэрэгтэй багш нарын эзлэх хувь хангалтгүй буюу 13.7-28.5 хувьтай байжээ. Тиймээс манай улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй сургуулиудын мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, үнэн зөв болгох шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас үзэж байна.